Saturday, October 30, 2010

Бизнес төлөвлөгөө боловсруулах зөвлөмж

Бизнес төлөвлөгөө гэдэг нь бизнессийн стратеги, зорилтыг тодорхойлж, бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд түүний бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримтыг хэлнэ.

Аж ахуйн нэгж байгууллага нь бизнес төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулах бөгөөд дараахь асуудлуудыг заавал тусгасан байна. Үүнд:

* Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилго, баримтлах бодлого, хэтийн төлөв байдал;
* Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд ашигтай байх макро болон микро түвшин дэх боломжит нөхцөлүүд;
* Компанийн тайлан тэнцэл, мөнгөн хөрөнгийн урсгал, орлого зарлагын 3-5 жилийн төсөөлөл;
* Актив, пассивын бүтэц, хэмжээ түүний удирдлагыг сайжруулах төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын талаархи ерөнхий нөхцөлүүд, энэ талаар баримтлах бодлого;
* Үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдлийг тодорхойлж, түүнийг удирдахад авах арга хэмжээ.

Бизнес төлөвлөгөөг үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулна.

Бизнес төлөвлөгөө нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Бизнес төлөвлөгөөний нүүр хуудсанд дараах зүйлсийг тусган харуулна:

* Байгууллагын нэр, хаяг
* Бизнес төлөвлөгөөний нэр
* Хувилбарын дугаар
* Боловсруулсан огноо
* Зохиогчийн нэр, хаяг
* Зохиогчийн тэмдэглэл
* Байгууллагын удирдлагын нэр, хаяг

ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ: Энэ бүлэгт тухайн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллагын тухай, хэрэгжүүлэх гэж буй бизнес төлөвлөгөөний эрхэм зорилго, зорилт, амжилтын үндэс, учирч болох эрсдэл болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн тухай товч мэдээллийг багтаана.

Эрхэм зорилго гэдэг нь хэний ямар хэрэгцээг, яаж хангах тухай тодорхойлолт юм.

Зорилт гэдэг нь эрхэм зорилтонд хүрэхийн тулд шат дараалан хэрэгжүүлэх, хугацаатай, хэмжигдэхүйц бодитой үр дүн буюу хүрэх цэг юм.

БИЗНЕСИЙН ТАНИЛЦУУЛГА: Бизнесийн танилцуулга гэдэг нь тухайн компанийн нэр, хаяг, өсөж хөгжиж ирсэн түүх, хариуцлагын тогтолцоо, зах зээлийн нөхцөл төлөв байдал, эрхэлж байгаа үйл ажиллагаа, гаргаж буй үйлчилгээ түүнчлэн удирдлага боловсон хүчний хангалт, санхүүгийн чадавхи ба байдал бизнес төлөвлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго зорилтууд түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, зээлийг эргэж төлөх хугацаа, үр ашиг, борлуулалтын орлого, ашиг зэргийг тусган харуулсан хураангуй тодорхойлолт юм.

Бизнесийн танилцуулга нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

* Бизнес ба түүний түүх
* Зах зээлийн нөхцөл төлөв байдал
* Одоо явуулж байгаа үйл ажиллагаа
* Удирдлага боловсон, хүчин
* Санхүүгийн байдал төлөв
* Бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго

МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Бизнес төлөвлөгөөний “Маркетингийн төлөвлөгөө”-г дараахи гурван хэсэг дээр бичнэ үү.

Зах зээлийн шинжилгээ: Маркетингийн төлөвлөгөөг боловсруулахын тулд юуны түрүүнд зах зээл буюу хэрэглэгчдийнхээ тухай судалж мэдэх, зах зээлийг тань булаацалдах өрсөлдөгчид, танайд бараа үйлчилгээ үзүүлэх түншүүд, зуучлагчдынхаа талаар судлах ёстой.

Маркетингийн стратеги: Маркетингийн стратеги гэдэг нь зах зээл рүү хандсан төлөвлөгөө буюу амжилт олохын тулд танай байгууллагын хэрэглэж буй арга замууд юм.

Маркетингийн иж бүрдэл: Танай байгууллага зах зээл рүүгээ хандах арга зам буюу стратегиа тодорхойлсон бол одоо зах зээл дээр таатай байдал үүсгэхийн тулд байгууллагын ашигладаг хүчин зүйлс буюу маркетингийн иж бүрдлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Маркетингийн иж бүрдэлд үйлчилгээ, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалтын талаар тусгана.

МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Бизнес төлөвлөгөөний энэ бүлэгт удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хэрэгцээ гэсэн асуудлуудыг багтааж оруулна.

Удирдах баг: Бизнес төлөвлөгөөний энэ хэсэгт удирдах багийн гишүүд нь менежментийн чиглэлээр хэр мэрэгшсэн, бие биенээ орлох чадвар нь ямархуу болох, мэргэжил дадлага туршлагатай байх шаардлагыг хэр зэрэг хангасан байдал болон эрх мэдэл, ажил үүргийг оновчтой хуваарилсан байдал зэргийг харуулах хэрэгтэй. Удирдах багийн болон мэргэжилтэн (хуулийн зөвлөх г.м.), тэргүүлэх ажилтны (салбаруудын удирдлага г.м.) дадлага, туршлага, тухайн салбарт ажилласан байдал, үүрэг хариуцлага зэрэг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл бүхий намтрыг бизнес төлөвлөгөөндөө хавсаргах шаардлагатай. Түүнчлэн удирдах багийн гишүүн бүрийн эрх үүрэг хариуцлагыг нягт тогтоож, хэн нь хэнд захирагддаг, хэн эцсийн шийдвэр гаргадгийг зааж байгууллагын дүрэмд оруулан баталгаажуулж, төлөвлөгөөндөө хавсаргаж болно.

Зохион байгуулалтын бүтэц: Удирдах багийн дор зохион байгуулалтын шат дамжлага багатай, хамгийн үр ашигтай бүтцийг тогтоох нь чухал. Цөөн хүнтэй хамт олны зохион байгуулалтын бүтцийн үр ашигтай байх үндэс зарчим нь нэг удирдлагатай байх, ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдагч мэдээллээр сайн хангагддаг байх, ажиллагчид ажлынхаа үр дүнг сонирхдог байх, хяналт ил тод байх явдал болно. Энэхүү зарчмыг баримтлан зохион байгуулалтын бүтцээ тогтоож бизнес төлөвлөгөөндөө оруулна.

Боловсон хүчин: Энэ хэсэгт шаардагдлагатай мэргэжлийн боловсон хүчин тэдгээрийн тоо түүнчлэн мэргэжил эзэмшүүлэх эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтын асуудлуудыг төлөвлөх болно. Энэ хэсэгт нийт ажиллагчид болон шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, уг ажлыг гүйцэтгэх ажиллагсдын тоо түүнчлэн нийт ажиллагсдын сар, жилийн цалингийн хэмжээ, цалингийн шимтгэлийг тооцоолж төлөвлөнө. Сургалтанд зориулсан зардал хэдийгээр гаднаас нь харахад ашиггүй мэт боловч үр ашгаа зүй ёсоор өгдөг гэдгийг анхаарвал зохистой.

САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Санхүүгийн төлөвлөгөөнд дараах хэсгүүд орно. Үүнд:

* Нийт орлогын тооцоо
* Үйл ажиллагааны урсгал зардлын тооцоо
* Ашиг/алдагдлын тооцоо
* Алдагдалгүй ажиллагааны тооцоо
* Мөнгөн урсгалын тооцоо орно.

ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ: Бизнессийн үйл ажиллагаа эрхлэхэд 4 төрлийн үндсэн эрсдэлийг тооцоолоход болно. Үүнд:
* Техник, тоног төхөөрөмжийн
* Санхүүгийн буюу зээлийн
* Хүний хүчин зүйлийн
* Хууль зүйн
* Бусад

Эрсдэлийг багасгах боломжууд: Эдгээр дурьдсан эрсдэлээс чухам ямар нь танай бизнест тохиолдож болох магадлал илүү вэ? Түүнийг доод хэмжээнд байлгахын тулд та ямар арга хэмжээ төлөвлөснөө бичих нь зүйтэй. Дараа нь даатгалд хамруулж болох эрсдэлийг ангилж ямар нөхцлөөр аль даатгалын компанитай гэрээ хийхээ тодорхойлж бич. Харин даатгалд үл хамаарах эрсдэлийн талаар авах арга хэмжээг хэрхэн төлөвлөж байгааг тодорхойлох шаардлагатай.

No comments:

Post a Comment